Сүүлийн хэдэн жил trend болж байгаа, Data Scientist болон BI(Business Intelligence) Analyst гэсэн 2 мэргэжлийн талаар хальт бичмээр санагдлаа. Би яг мэргэжлийн хүн биш болохоор андуурсан зүйл байвал залруулаарай.
Орчин үед технологийн компаниуд ямар нэгэн бүтээгдэхүүн гаргачихаад хаячихдаг цаг байхаа больсон. Өрсөлдөөн их тул ямагт сайжруулж, хэрэглэгчийн needs(хэрэгцээ, шаардлага) болон үйл хөдлөлд тааруулж байнга өөрчилж байхгүй бол, өрсөлдөөн ихтэй салбарт амьд гарах боломжгүй юм.
Хэрэглэгчийн юу хүсэж байгааг хэрхэн мэдэх вэ? Яахав анкет явуулаад асуултууд асууж болох юм. Тэгэхдээ 100 хүн рүү анкет бөглөх хүсэлт явуулахад хэд нь хариулдаг гэж бодож байна? 1-2 нь хариулбал их юм. Бас нэг өөр асуудал нь, хэрэглэгчид өөрсдөө ч юу хүсээд байгаагаа мэдэхгүй тохиолдлууд их юм. Бас яавал хэрэглэгчдийг өөрсдийнхөө бүтээгдхүүнд зарцуулах мөнгийг боломжит хамгийн ихээр өсгөх вэ? Эдгээр асуудлуудыг шийдхийн тулд, сүүлийн хэдэн жилүүдэд компаниуд бараг хэрэглэгчдийн бүх үйл хөдлөлүүдийг цуглуулж эхэлсэн юм. Жишээ нь хэрэглэгчид ямар хуудас руу орсоныхоо дараа, ямар хуудас руу шилжиж байна, эсвэл ямар хуудсан дээр илүү их цаг зарцуулж байна, эсвэл ямар хэрэглэгч нар ямар бүтээгдхүүнд илүү мөнгө зарцуулж байна гэх мэт. Таны үйлдэл бүр чинь бүртгэгдэж байгаа гэсэн үг. Эдгээрийг raw data гэх бөгөөд, хүн ойлгохын аргагүй асар их мэдээллүүд(big data) юм.
BI Analyst нь хэрэглэгчдээс цуглуулсан raw data-г хүн ойлгогдохоор болгож, түүн дээрээ суурилан, шинэ бүтээгдхүүнийг санаачлах болон, одоогийн бүтээгдхүүнийг сайжруулах тал дээр ажиллана.
Data Scientist нь мөн адил хэрэглэгчдээс цуглуулсан raw data-г хүн ойлгогдохоор болгох ба, түүн дээрээ суурилан ирээдүйн төлөвийн prediction(таамаглалт) хийнэ.
Өөрөөр хэлбэл энэ 2 мэргэжил 2-уулаа хэрэглэгчдээс цуглуулсан асар их мэдээлэл дээр ажиллана.
Жаахан тодорхой болгох үүднээс маш энгийн жишээ авъя. Нэг хэсэг бараг хүн болгон тоглож байсан Candy Crash гээд тоглоом байлаа гэж үзье. Тэр тоглоом чинь, таныг хэддүгээр үе дээр хэдэн минут зарцуулж, хэдэн удаа хожигдож, хэр их мөнгө зарцуулж ялсан бүх мэдээллийг тухайн компани руугаа дамжуулна. Эдгээр мэдээлэл дээр үндэслэн, BI Analyst нь game balance(хэтэрхий хүнд level-ын дараа хэтэрхий амархан level байхгүйгээр, бага багаар хэцүү болох)-ийг сайжруулах, эсвэл аль level дээр хүмүүс хэтэрхий их тоглосноосоо болж гэнэт уйдаж, тоглоомыг гэнэт дахин тоглохоо больж байгааг судалж, тэр level-ыг сайжруулах гэх мэт зүйлүүд хийнэ. Харин Data Scientist нь мөн л адилхан мэдээлэл дээр үндэслэн, дараагийн сард хэрэглэгчдийн тоо хэдэн хувиар нэмэгдэж, орлогод ямар өөрчлөлт орохыг таамаглах юм.
Яагаад энэ 2-ыг бичих болсон бэ гэхээр, их сургуулидаа математик болон статистикийн хичээл авч байсан, SQL(R мөн ашигладаг юм шиг байна лээ)-ын бага зэргийн мэдлэгтэй бол ямар ч хүн эдгээр 2 мэргэжил рүү төвөггүй хөрвөж чадах юм шиг санагдаад энэ 2-ын талаар бичлээ. Мөн цалингийн хувьд ч гайгүй тул, одоо хийж байгаа ажлаасаа уйдаж байгаа хүн байвал судлаж үзээрэй.