The Seven Habits of Highly Effective People

Өнөөдөр, Franklin Covey Japan-ээс зохион байгуулдаг нэг сургалтанд суусан юм. Ер нь бол 2 өдрийн сургалт, дараа нь 2 дахь өдрийнхт нь сууна. Энэ сургалт нь “The Seven Habits of Highly Effective People” гэдэг номны дагуу явж байгаа юм. Дажгүй санагдсан болохоор сургалтан дээр ярьсан зүйлүүдийг жаахан сийрүүлье.

Эхлээд ямар хүн бусдын хүндлэлийг хүлээдэг талаар бичье. Ер нь хүн дараах 2 зүйлээс бүрднэ. Чадвар болон зан чанар. 2-уулаа сайн байхгүй бол, өөртэй чинь хамт ажиллах хүсэлтэй хүн төдий л олдохгүй л болов уу. Хичнээн чадвартай байлаа гээд, бусадтай аятайхан харьцаж чадахгүй бол, бусад хүмүүс аяндаа өөрөөс чинь зай бариад эхлэх болно.

За тэгээд тийм мундаг хүн болохын тулд юу хийх ёстой вэ?
Энгийн зүйлээс эхэлцгээе.

Өөрийн сонголтондоо хариуцлагатай байцгаая. Яг одоо өөрийн тань хийж байгаа зүйлүүд бол, ердөө л таны л сонголтын үр дүнгүүд юм. Та ажилдаа, эсвэл хамт ажилдаг хүмүүс, эсвэл үргэлж бүтэшгүй зүйлс өөрөөс чинь шаардах үйлчлүүлэгч нарт дургүй байлаа гэж бодъё. Энд нэг асуулт гарч ирнэ. “Ийм их дургүйг чинь хүргэх зүйлүүд байгаад байхад, яагаад одоогийн ажилтайгаа л зууралдаад байгаа юм бэ? Дургүй л юм бол, больчихож яагаад болохгүй гэж?” Энэ асуултын дараа, ихэнх хүмүүс, “цалингүй бол амьдарч чадахгүй”, “өөр ажил олдохгүй” гэх мэт шалтгаанууд хэлцгээнэ. “За тэгвэл, эцсийн эцэст, чи л өөрийнхөө асуудлаас болж, чи л ийм ажил хийх сонголтыг хийсэн бус уу?” гэсэн асуулт дахиад гарч ирнэ.

Өөрөөр хэлбэл, эцсийн эцэст та өөрөө л энэ замыг сонгосон болж таарна. Тийм болохоор, гомдоллох зүйлгүй өөрийнхөө сонголтонд хариуцлагатай бай.

Дараагийн зүйл бол, өөрийнхөө ертөнцийг харах нүдээ нээ. Мэдээж хүн бүрт ямарваа нэгэн зүйлийг харах өнцөг гэж бий. Харин амжилттай яваа хүмүүс, юмыг олон талаас нь харж сурсан байдаг байна. Хэн нэгэнтэй харьцахад хүндрэлтэй байсан бол, аливаа зүйлийг өөр өнцгөөс харж эхэлсэнээр, арай дээр харьцаж эхлэх ч юм билүү. Юмыг буруу зөв гэж тунгаахаасаа өмнө, өөр өнцгөөс харах гэж оролдож үзэж байсан уу?

Миний бодлоор, Монголд юмыг олон талаас нь хардаггүй хүмүүс их юм шиг санагддаг. Улс төрчид байна. Эсрэг намынх нь хийсэн бүх зүйл буруу, өөрсдийнх нь хийсэн бүх зүйл зөв гэсэн сонин бодолтой хүмүүс. Бас ижил хүйстэн болон, трансжендер хүмүүсийг учир зүггүй ам уралдан муулж суух хүмүүс. 21-р зуун болчихоод байна. 21-р зуун болсон болохоор, гэнэт энэ хүмүүсийн тоо нь ихсээд байгаа зүйл биш. 21-р зуун болоод, эдгээр хүмүүс нуугдах шаардлагагүй болж, дэлхийн олон улс эдгээр хүмүүст, бусадтай адил амьдрах эрхийг нь өгч эхэлж байна. Энэ хорвоо ертөнц зөвхөн таны сайн сайхны төлөө бүрэлдэн бий болоогүй гэдгийг санах ёстой байх. Бас гадаад иргэдийг зодоод яваад байдаг нөхдүүд байна. Юутай яаж тэмцэхээ мэддэггүй ч юм шиг санагддаг. Барилгийн Хятадуудыг оруулж ирдэг гол хүмүүстэй нь тэмцэхгүй байж, бас л нэг гэр орноо тэжээх гэж ирсэн хэдэн Хятадуудыг дарамталцгаана.

Дараагийн нэг зүйл бол амьдралын зорилготой байх. Та өөрийнхөө оршуулган дээр байна гэж төсөөлдөө. Таныг таниж мэдэх хүмүүс, урд гаран нэг нэгээрээ таны тухай дурсамжуудыг ярьж байна гэж төсөөл. Та тэр үед, хэн хэнийг урд гарч яриасай гэж хүсч байна? Тэдгээр хүмүүс юу яриасай гэж хүсч байна. Яг л тэдгээр хүмүүс, таны төсөөлсөн шиг зүйл ярихаар, амьдрахыг хичээгээрэй.

Өөр олон зүйл ярьсан ч, яг одоо толгой дотор хөвөрч байгаа нь энэ л байна. Чадвал, дараагийн өдрийн сургалтанд ярьсан зүйлийн талаар бас бичих болноо.

Тэгэхдээ эдгээр зүйлүүд нь, бид бүгд мэддэг ч, амьдралдаа төдийлөн хэрэгжүүлээд байдаггүй, энгийн зүйлүүд юм.

Эцэст нь дараах видеог зориулья.

If life were a painting, and you were the artist
What would you paint?
Which colors would you use?
Grey? Electric blue? Candy-apple red?
Is it a landscape? Is it a still life? A portrait of yourself? Your true love? Your most passionate hopes?
Would you hang it at the center of your home? Or at the center of your office?  Or at the center of your heart?
When others see it…
What will they remember?
Just lines on a canvas? Or a work of art?
This is your life.
Paint a bold picture.
Make it a masterpiece.
Sign your name.