Нэлээн дээх нь төмөр замтай холбоотой нэвтрүүлгээр нэг нэгнээ Монгол биш Хятад гаралтай гэж дайрцгааж байх үед, энэ талаар бичмээр санагдсан ч залхуу хүрээд бичээгүй юм. Харин, өчигдөрхөн Карим Абдул гэдэг хүн нэгэн дуудлага худалдаагаар Улаанбаатарт газар авсаныг олон хүн Монгол биш хүнд газар худалдлаа гэж шүүмжилсэн болохоор бичмээр санагдлаа.
Миний хувьд, Карим Абдул-д газар худалдсаныг зөв эсвэл буруу-г, үнэхээр засгийн газрын ордонд ойрхон байрлалтай газрыг худалдахын зөв бурууг шүүхгүй.
Харин энэ дуудлага худалдаа хууль ёсных уу, мөн Монгол хүн гэдгийг яаж тодорхойлох вэ гэдэг талаар бичмээр санагдлаа.
Хүмүүс Монгол цус гэж ярих дуртай. Харин хүнийг цусаар нь Монгол гэж тодорхойлох боломж бий юу? Та бүхэн мэдэж байгаа бол, цус нь 4-хөн бүлэгтэй. Тиймээс цусны бүлгээр тодорхойлох ямар ч боломжгүй гэдэг нь ойлгомжтой. Харин DNA маш өргөн хүрээний мэдээлэл агуулдаг тул, тэр хүний гарал угсааг тодруулж болно.
Ямар аргаар тодруулах вэ гэхээр, эхлээд Монгол хүмүүсийн DNA-уудыг цуглуулаад, нийтлэг шинжэд нь тулгуурлан, Монгол хүн гэдгийн шийдэх алгоритм зохионо. Тэгээд тэр алгоритмоороо, Монгол гаралтай эсэхийг шийдэж болно.
Тэгэхдээ энэ аргад асуудлууд их байгаа. Хэрвээ DNA цуглуулсан хүмүүс маань, хэдэн мянган жил Монголын газар нутагт амьдарсан хүмүүс биш, 500 жилийн өмнө нь ч юмуу өөр газраас ирсэн хүмүүс бол яах вэ? Тэгвэл бидний зохиосон алгоритм алдаатай ажиллана. Мэдээж хангалттай их sample цуглуулж чадвал, мэдээж Монгол хүний DNA-ын онцлогийг гаргаж чадна.
За гаргаж авлаа гэж үзье. Бараг гаргаад авчихсан байгаа байх.
Тэгвэл тэр шалгуураараа, одоо Монголд байгаа 3 сая иргэнийг шүүж үзвэл, хэдэн хувь нь Монгол гэж гарах бол? Харин шалгуурт тэнцээгүй хүмүүсээ яах вэ? Монголчуудын ихэнх нь 3, 4 үеэсээ дээш сайн мэдэхгүй. 3, 4 үеэрээ Монголд амьдраад, өөрийгөө цэвэр Монгол гэдэгт итгэдэг хэрнээ шалгуурт тэнцээгүй байвал яах вэ? Тэдгээр хүмүүс Монгол хүн мөн үү?
Бас өөрөөр ингэж үзье. Хятадын бүх иргэдийг, Монгол DNA-ын шалгалтанд оруулбал хэдэн хувь нь тэнцэх бол? 1.3 тэрбум хүний маш бага хувь нь тэнцэхэд л хэдэн сая хүн болох байх. Тэдгээрийг Монгол цустай, Монгол хүн гэж үзэх үү?
Тэгэхээр, хүний цусыг шинжэлж Монгол эсэхийг тодорхойлох асуудал бол ер нь боломжгүй зүйл юм. Харин, иргэншсэн нийгэмд, хүний иргэншлийг хуулиар шийддэг. Ихэнх улсад, тэр улсдаа төрсөн бол автоматаар иргэн нь болно. Мөн, иргэн болох хүсэлтээ гаргаад иргэн болох боломжтой. Монгол улсын хувьд, дараах 3 шалгуурт тэнцвэл иргэн болох хүсэлтээ гаргаж болно.
1. Амжиргааны зохих чадвар, эх үүсвэртэй байх
2. Монголын ард түмний ёс заншил, төрийн албан ёсны хэл, Монгол Улсын Үндсэн хуулийн талаар зохих мэдлэг эзэмшсэн байх
3. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр таваас доошгүй жил байнга оршин суусан байх
Эх сурвалж: http://immigration.gov.mn/new/?p=436
Тэгэхээр Карим Абдул гэдэг хүн 30 гаруй жил Монголд амьдарсан бол, энэ шалгуурт тэнцэх нь бараг ойлгомжтой. Хэрвээ нэгэнт Монгол улсын иргэн болсон бол, үндсэн хуулийн дагуу шашин шүтлэг, гарал угсаа үл хамааран тэгш эрхийг эдлэнэ.
Хэрвээ дуудлага худалдаад орохыг нь түтгэлзүүлбэл, үндсэн хууль зөрчсөн хэрэг болно. Ардчилсан улсад, үндсэн хуулийг хүнд нь тааруулж өөрчлөх асуудал бол байж боломгүй зүйл.
Харин ирээдүйд ийм зүйл болохоос хэрхэн сэргийлэх вэ? Монгол улсад хэрэгжиж буй хуулиар, гадаадын иргэн газар өмчлөх эрхгүй, зөвхөн тодорхой хугацаатайгаар ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл газар өмчлөхийн тулд, заавал Монгол улсын иргэн болох ёстой. Тэгэхээр Монгол улсын иргэн болох шалгуурыг өндөрсгөхөөс өөр арга байхгүй л гэж бодож байна.
Дашрамд дурдахад иргэн нь болоход хамгийн хэцүү 5 улсын тухай доорх линкээс уншаарай.
http://www.investopedia.com/articles/personal-finance/121114/5-hardest-countries-getting-citizenship.asp